Хөгжим миний хэл

Шинэ сэтгэгдлүүд

  • Миний чат бичлэгт vaanchig (зочин): dajgui blog bolj gehsee zurgiig chini uzeh geed bil law chadsangui nadaa zaagaad ogoorei oor goyo..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
91773 удаа нээгдэв.
2009 © Хөгжим миний хэл

Монгол ардын хөгжмийн зэмсэг

2011-05-18,16:24

Үндэсний хөгжмийн зэмсэг 

Шудрага

 

http://www.medeelel.mn/image/medee/img487.gifТоль бичигт шудрагыг шулуун тэгш, эгц гэсэн санаагаар бичсэн байна. Үүнээс үзвэл урт шулуун хөгжим гэсэн утгыг илэрхийлнэ. Шудрага хөгжим маш эртний түүхтэй, монгол үндэсний хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Энэ хөгжим бүүр Өгөөдэй хааны үеэс Тогоонтөмөр хааны үед монгол хөгжмийн зэмсэг үсрэнгүй хөгжиж байсан үед байсныг бодоход, эртний түүхтэй хөгжим юм. 15 дугаар зууны үед Тогоонтөмөр хааны ордонд хэрэглэж байсан хөгжмийн дотор энэ хөгжмийн тухай перс сурвалж бичигт “шидургуй” нэрээр тэмдэглэж байсныг бодоход, 6 зуун гаруйн тэртээгээс бий болсон бололтой.

Шудрага хөгжим нь толгой, иш, цар гэсэн тууш гурван зангилаан дээр тогтсон чих /хөг тохируулагч /, утас, дээд доод тэвх /утсыг хөндийрүүлэгч/, утсыг уях бэхлүүр, цохилуур зэргээс бүрдэл болдог. Түүхэн явцад, шудрага нь 4, 3, 2 утастай байжээ. Орчин үед 3-н утастай болсон ажээ.

Хөг чилх чинээ/багтаамж/ Хөглөгөөний хувьд ардын гэж нэрлэгддэг бага наймцын си-бемоль-до-соль -оор хөглөдөг байсан бол өнөө үед соль-ре-соль –оор хөглөгдөж байна. Шудрагын дуугарах ерөнхий хүчин чадал /цараа/ нь бага наймцын соль-оос 3-дугаар наймцын /октавын/ соль хүртэл дуугарах чинээнд байна. 3-н наймц дугарч байгаа нь энэхүү хөгжим өргөн цар хүрээтэйг гэрчилнэ. Шудрага хөгжим нь хэдийгээр бага болон 1-р наймцын соль, ре, соль гэж хөглөгдөх боловч, бичигдсэн нотноосоо наймц дор дуугарна. Ардын, зохиолын, сонгодог бүтээлийн алинтай нь ч гоцлол, найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй найрсан тоглогдох боломжтой, сэргэлэн цоглог өнгө аястай хөгжим юм.

 

 

Морин хуур

 

http://www.medeelel.mn/image/medee/img308.gifМонголчуудын хүндэтгэн дээдлэж гэрийнхээ хойморт залж ирсэн түүх домогтой эрхэм хөгжим билээ. Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг, том дугуй модон цараар нь нэрлэсэн хуур байжээ.

Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Гэхдээ эдгээр нь хил буюу нумгүй товшвор байснаа түүхэн хөгжлийн явцад хилтэй болж өөрчлөгдсөн. Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл, Дорноговь зэрэг аймгуудад таван үе дамжиж ирсэн гэх матар, луу, арслан толгойтой шанаган хуурууд мэр сэр байдаг байна.

Морин хуур нь ишнийхээ үзүүрт морины толгойн дүрстэй, цар гонзгой дөрвөлжин ба ямааны юмуу ботгоны арьсаар бүрж ногоон будгаар будсан байна. Сүүлийн үед царыг арьсаар бүрэхийн оронд модон материалаар сийлбэртэй хийж чавхдасыг мөн морины сүүлээс өөр зүйлээр орлуулах зэрэг янз бүрээр хийх болжээ.  

Морин хуурын чавхдасыг номхон хашин боловч, эр бяртай сайн морины сүүлийн сод гэдэг тусгай урт хялгасаар сунган боловсруулж хийх, цары нь бүрэх ширийг мөн чийг татахааргүй болтол тусгай аргаар боловсруулах, ширийг будах ногоон будгийг гаргаж авах гээд уламжлалт нарийн арга ухаан, ёс жаягтай.

Баруун монголд "Ихэл" хэмээх нэгэн зүйлийн морин хуур байдаг. Ихэл нь морин толгойгүй, гэлбэр буюу чандмань толгойтой.

Морин хуурын дээд доод тэвх, дээд тэвхийн зангилах хөг уяа зэргийг нарийн тохируулж хөгийг солино.

Морин хуурыг гоцлон уламжлалт сайхан аялгуунуудыг тоглохоос гадна уртын дууны хамсрал, монгол ардын уламжлалт бичил чуулга, мөн найрал хөгжимд чухал үүрэгтэй хэрэглэдэг.

Уламжлагдаж ирсэн хөг аялгуу:
"Жонон харын явдал" , "Могой хээр", "Доголон цагаан", "Хонь хурга нийлүүлэх", "Үхэр тугал мөөрүүлэх", "Хөх нуурын тогоруу", "балчин хээрийн явдал", "Бугын урам", "Уйлган шар атны явдал", "Дөрвөн ойрдын уриа", "Ээвийн голын урсгал", "Харцага зээрд", "Жороо морь" 
Биелгээний татлага:
"Цацал", "Мөргөл", "Елхэндэг", "Саальчин", "Цайгийн дундуур", "Гэр бүл" 

 

Ятга

 

http://www.medeelel.mn/image/medee/img497.gifЧавхдаст хөгжмийн хамгийн түрүү үеийнх нь ятга хөгжим юм. 5 мянган жилийн тэртээ, Жагарын хаан Раваана ганц утастай, хөвчит нумаар хөрөөдөж, дуу гаргах санаа сэдсэн нь түүхэн явцад хэлбэр маяг нь өөрчлөгдсөөр өнөөгийн ятгын хөгжилд хүрэх замыг нээж өгсөн ч байж мэднэ гэсэн таамаглал бий гэдэг.
Хубилай хааны үе /1250 он/ хөгжмийн хороо байгуулах болоход, олон хөгжим орсны дотор төрийн ятга, ахуй их ятга, босоо ятга, ятгалаг зэрэг олон хөгжим нэр заагдан оржээ. /Г. Бадрах/ Мөн 500 жилийн тэртээ зохиогдсон гэдэг Жангарын туульд: “ Ерэн нэгэн чавхдастай, өндөр мөнгөн хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов “гэжээ. /Жангарын үлгэр 15-р хуудас / Ийн үзвэл энэхүү ятга хөгжим судар бичиг үлгэр домогоос үүдэлтэй нэн эртний хөгжим юм.

Ятга хөгжмийн бүрэц. Сурвалж бичигт ятга нь уртаашаа хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй гэжээ. Эх биеийг нь сайтар хатаасан модоор хийдэг. Дээд тал нь нүүр, доод тал нь ёроол болно. 13 тэвхтэй, тэвх нь хөглөх болон хөг шилжүүлэх үүрэгтэй. Мяндасаар эрчилж хийсэн 13 утас нь бүдүүнээс нарийссан байдаг нь өнгө ялгарамжийг тогтоож өгнө. Өнөөгийн түгээмэл хэрэглэж байгаа ятга нь бага наймцын соль-оос 3-р наймцын ре хүртэл чинээгээр дуугарах хүчин чадалтай.
Ятга хөгжмийн өнгө аяс нь ялдам тунгалаг, уянгатай учир аргал болон эрдүү хоолойн өнгөтэй нэн зохимжтой.



Янчир /ёочин/
Монгол ардын үндэсний хөгжийн нэг төрөл зүйл нь янчир хэмээх хөгжим юм. Орчин үед хүмүүс голдуу ёочин хэмээн нэрлэж байгаа ч жинхэнэ монгол нэр нь янчир юм. Ёочин гэдэг нь хятад гаралтай нэр ажээ. Судар бичигт янчирыг Уйгараар дамжиж, дундад азиас монголд орж ирсэн гэж тэмдэглэсэн байна./Ж. Бадраа / Олон улсын хөгжмийн нэвтэрхий толь бичигт дурдсанаар янчир маягийн төрөл хөгжим нь дээр үед дундад азид  “Сантур” нэрээр гүрж, армен зэрэг оронд гарч байснаа, улмаар энэтхэг орноор түгэн дэлгэрчээ. Нөгөө нэг төрөл хөгжим нь эртний сири улсад 19-зуунд бий болсноо унгар мэт европын орноор дэлгэрчээ. Одоо энэ хөгжмийг “цимбал” хэмээн нэрлэдэг. Тиймээс гарал үүсэл нь Ж.Бадраа агсны  хэлсэнчилэн дундад азиас орж ирсэн хөгжим болох нь тодорхой.

Янчир хөгжмийн бүтэц. Янчирын бүх эд эсийг зангидаж байдаг хөндий цар бүхий зууван тарпец хэлбэрийн их бие. Нэлэнхүй энэ хөндий цар нь цохилтоос үүссэн дуу авиаг дуурсуулан цуурайтуулах үүсвэр болно. Царны баруун зүүн гар талд тус бүр 56 шон байх бөгөөд, нийт 112 шон байрлаж, янчирын утсуудыг хөвчилөн татах багана болдог. Татсан утсуудыг их биенээс хөдийрүүлэх 8-12,16-24 хүртлэх тэвхнүүд гол үүргийг гүйцэтгэнэ.
Хөг багтаамж, царааны хувьд, бага наймцын /октавын/ соль нотноос, гуравдугаар наймцын ми нот хүртэл дуугарах хүчин чадалтай. Янчирын дууны өнгө аяс нь царгиадуу уянгалаг өнгө аястай бөгөөд, ардын болон зохиолын аль ч бүтээлийг тоглох хүчин чадалтай хөгжим юм. Нөгөө талаар ардын найрал хөгжимд гоцлолоос гадна чимэглэлийн олон хувилбараар найрсан тоглогдох бололцоотой. Сүүлийн үед гавъяат багш янчирчин Г.Дашдаваа хөг нэмэгдүүлсэн шинчлэл хийсэн нь сургалтанд өргөн ашиглагдаж байна.

 Аман хуур

 

Aman huurХулсан хуур буюу аман хуур хэмээн нэрлэгддэг энэхүү хөгжмийн зэмсгийг ерийн хулсний өнгөн талаар үйлдэн хийдэг байжээ. Их төлөв 10-14 см-н урттай, 2-2.5 см өргөнтэй, голч дундуур нь зурваслан ухаж, 8-10 см урт хэл гаргаж хийдэг. Хэлний уг хэсэг буюу их бие талд нүх гарган, түүнд утас бэхлэж уядаг нь хөгжимдөх хөдөлгүүрийн гол хүчин зүйл болдог ажээ.

Утсыг доргион татах, амьсгалын түрэлт таталт хоёрын нарийн зохицолдоо, тоглолтын эв дүйн ураар цуурайлах эгшиг үүсгэн тоглуулдаг нь авъяас шаардсан, уран сайхны мэдрэмжтэй холбоотой учир тоглогчдоос сонордохуйн сонсголтой байхыг шаарддаг аж. Аман хуураар аль ч дууг тоглохоос гадна элдэв дуу чимээ, үйл явдал, хөдөлгөөнийг дүрслэн үзүүлж болдог байна.

 

Цуур хөгжим

 

Mahir tsuurХүнүүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжим мөн л баруун Монголд үлэмж дэлгэрсэн бололтой. Энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байсан бол, ерийн хөндий модоор хийдэг болсон байна. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр 4-н нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр дуу аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмий мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг ажээ. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэ Shuluun tsuurхөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн  хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номондоо мэдээлсэн байна.

 

Хэл хуур

 


Аман хуурын бас нэг төрөл болох нэгэн өвөрмөц дүрстэй, аманд шууд тулгах бус, үл ялимагхан хөндий байршилаар тавилттай, амьсгалын түрэлтээр хамсарч, долоовор хурууны үзүүрээр хөнгөн доргиулж тоглогдох, бичил хуурыг хэл хуур гэж нэрлэсээр иржээ. 4-6 см-н хэмжээтэй дөрвөлжин зууван арааманд маш нимгэн, хаттай төмөр хэл суулгаж өгсөн нь дуу үүсэх нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ийм хуурыг жирийн төмөр, гуулиар хийхээс гадна хулс эвэрээр хийсэн ч байдаг. Хялбар дөхөмтэй дан аялгуу тоглохоос гадна элдэв төрлийн дуу чимээ, хөдөлгөөний хэмнэл хийх, найрал дуу, хөгжимд чимэглэл хийх нь үзэгдэнэ. Сүүлийн үед баян, найраг баян хуурын даралтны ган ялтасыг ашиглах явдал ч бий. Авсаархан ийм бичил хуурыг хүүхдүүд ихэд сонирхон тоглодог нь цаашид хөгжим сонирхох, тоглох хүсэл нь өөрийн эрхгүй нэмэгддэг байна.  
                 Hel huur                  Hel huur



Хуучир

Хуучир хөгжим нь монгол ардын үндэсний чавхдаст, хилт хөгжмийн нэгэн төрөл зүйл хөгжим юм. Хөгжим судлаач Г.Бадрах монгол хөгжмийн түүх номондоо, "Хи" аймгийн хүн үйлдсэн гэжээ. Энэ "Хи" гэдэг нь эртний Дорнот монголын "Кидан" угсааны нэг аймгийн нэр байсан бололтой. Хуучир олон янзын нэртэй.
Үүнд: Төв халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болжээ. Хотхойд , дархад зэрэг умарт монголынхон "Хялгасан хуур", "Бисанз", Дорнод монголын үзэмчин "Аралт хуур", "Жастуу хоор" гэдэг. Өмнөд монголын сөнөд "Дөрвөн чихтэй хуур", хорчин "Хорае", өрнөд монголын дөрвөн ойрдын тасархай халимгууд "Бийваа" гэхчилэн нэрлэдэг.
Эртний энэ хуур нэг чавхдастай байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болсон. Монгол хуучир угалзтай, зургаан талсттай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгойтой байжээ.

Хуучир хөгжмийн бүтэц нь иш, чих, утас, сойлт, хялгас, нум, тэвх, бортого, цар зэргээс бүтсэн байна.
Хуучирын хөг цараа. Хуучир тогтмол В хөг буюу /фа-сибемоль/ хөгөөр хөглөгдөнө. Заримдаа С хөг буюу соль-до хөгөөр хөглөгдөх тохиолдол бий. Дуугарах хүчин чадал чинээний хувьд бага наймцын сибемоль-оос 3-р наймцын сибемоль хүртэл дуугарах хүчин чадалтай юм.
Хуучрын өнгө зохицол. Доод чилхандаа зөөлөн нуугим хүнгэнэсэн дуутай. Дээд чилхандаа шингэндүү царгимал дуутай боловч, тоглогчдын барил, эв дүй аргаас шалтгаалж, хуучрын өнгө аяс нарийн цогцолгоо шаарддаг нарийн хөгжим юм.
Нийцтэй тоглогдох бүтээл. Хуучир хөгжим нь ардын дуу ерөөл магтаал, үлгэр тууль хайлахад илүү нийцлэлтэйгээс гадна ардын болон зохиолын ямар ч бүтээлийг гоцлох, хамсран тоглох боломжтой билээ. Морин хуур, шударга, ёочин, лимбэ хавсарсан монгол ардын найрал хөгжимд чухал үүрэгтэй.

бичсэн: saki111 төрөл: Хичээлд хэрэгтэй сэдэв |
Эхлэл | << өмнөх | Нийт: 37-с 7-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Соёл урлаг
  • Зөвөлгөө
  • Чөлөөт сэдэв ккк
  • гэрийн даалгавар
  • цахим хэрэглэгдэхүүн
  • цахим судалгаа
  • бие даалт
  • Цахим хичээл
  • Видео бичлэг
  • Цахим тест
  • Цахим нэгж
  • Сонсох хөгжим
  • Шалгалтын сэдэв 4-9-р анги
  • Хичээлд хэрэгтэй сэдэв

Шинэ бичлэгүүд

  • (гарчиггүй)
  • ороод унш
  • Ардын урлаг
  • Үгүүлэхийн эрхтний шүтэлцээ бүхий урлаг
  • Орчин үеийн урлаг
  • Бүжгийн урлаг
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Хүнтэй холбоотой язгуур уриа дуудлага
  • Монгол ардын хөгжмийн зэмсэг
  • Мандухай цэцэн хатан
  • Хөгжим бол сэтгэлийг хөдөлгөгч агуу их хүч юм
  • (гарчиггүй)
  • Соль түлхүүр
  • Нот
  • жишиг даалгавар
  • >>Архив...
2009 © Хөгжим миний хэл